14 сумын 1602 өрхийн 966,7 мянган толгой мал оторлож байна

Өмнөговь /МОНЦАМЭ/ Зун намартаа гантай байсны улмаас Өмнөговь аймагт отор нүүдэл их байгаа юм. Ааймгийн хэмжээнд 14 сумын 1602 өрхийн 966,7 мянган толгой мал оторлож малчид өвөл хаврыг хохирол багатай даван туулахаар ажиллаж байна.
Оторт байгаа айлуудаас өөр аймаг буюу Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Төв аймгийн нутагт 9 сумаас 97 өрхийн 74593 толгой мал байна. Харин өөрийн аймгийн бусад сумдад 11 сумын 808 өрхийн 565978 толгой мал, Улсын тусгай хамгаалалттай газарт 8 сумын 504 өрхийн 237433 толгой мал, хилийн зурвас газар 10 сумын 193 өрхийн 88756 толгой мал өвөлжөөд хаваржихаар нутаглаж байгаа юм.
Мөн өөрийн аймгийн отор нүүдлээс гадна Баянхонгор аймгаас 229 өрхийн 79011 толгой мал, Өвөрхангай аймгаас 173 өрхийн 104778 толгой мал, Дундговь аймгаас 115 өрхийн 63204 толгой мал, нийт 517 өрхийн 246993 мал орж ирсэн өвөлжиж байна. Оторчид гэрээ хэлцэл хийгээгүй мөн мал эмнэлгийн газрын цахим гэрчилгээний системд бүртгэлгүй байгаагаас хүндрэл гарч байгаа. Үүнээс гадна нутгийн малчидтай бэлчээр, усны маргаантай, нутгийн малчдын өвөлжөө бууцыг дур мэдэн ашиглах, үхсэн малын сэг зэмийг ил хаяж нүүх асуудал үүсч байгаа аж. Цаашид байдал хүндрэл төлөвтэй тул дээрхи аймгийн удирдлагуудад отроор яваа малчин өрхөө эргэн, сум орон нутагтай ирж уулзаж гэрээ байгуулан, сумын удирдлагуудтай хамтран ажиллахыг мэдэгдсэн байна.
Сэтгэгдэлүүд: