Зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 80 гаруй хувьд их эрсдэлтэй гэж гарчээ

2021 оны 01 сарын 19

Өмнөговь аймагт хийсэн зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 80 гаруй хувьд их эрсдэлтэй гэж гарчээ. 

Энэ сарын 10-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 80 гаруй хувьд их буюу 20 хувьд нь нэн их эрсдэлтэй, 60 хувьд нь их эрсдэлтэй гэж гарчээ. Харин 20 шахам хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байна. Аймгийн хойд болон баруун талын сумдаар зудын эрсдэл нэн их, зүүн сумдын нутгаар эрсдэл их гэсэн зэрэглэлтэй байгаа аж. Нэн их эрсдэлтэйд Гурвантэс, Сэрвэй, Булган, Мандал-Овоо, Баяндалай, Ханхонгор, Цогт-Овоо, Номгон, Баян-Овоо, Манлай, их эрсдэлтэйд Ноён, Хүрмэн, Ханбогд, Цогтцэций сум тус тус багтаж байна.

Өнгөрсөн зун, намартаа гантай болон гандуу байсан нутгаар өвс ургамлын ургалт муу, бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн. Үүнээс гадна мал тарга хүч дутуу авсан, усан хангамж хүрэлцээгүй, отор нүүдэл хийж туйлдсан. Мөн өвс тэжээлийн нөөц хүрэлцээ муу, зах зээлийн үнэ өндөр байгаа юм. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын дунд үеэс эхлэн цас ахиу орсон, ихэнх нутгаар олон жилийн дунджаас -3-аас -12 градусаар хүйтэн байгаа нь зудын эрсдэлийг улам бүр нэмж байгаа гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ. 

Төвийн бүсийн сум болон Говь гурван сайхан уулаа дагаж цасан бүрхүүлтэй, бэлчээрийн 10 хувь өвстэй, 20 хувь дунд зэрэг, 70 хувь тааруу байна. Нийт нутгийн 10-15 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 20 хувь нь бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн, 10 хувь нь бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн, 60 хувь нь бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн, даац хэтэрсэн газраа усан хангамж дутагдалтай байгаа аж.        

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: