ЖДҮ-ийн зээл хүнс үйлдвэрлэгчдэд олддоггүй

2021 оны 01 сарын 18

Иргэдээс ЖДҮ-ийн зээл хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжид олддоггүй, тиймээс онцгой анхаарч ажиллахыг хүслээ.

Өмнөговь аймгийн удирдлагууд долоо хоног бүрийн ням гарагт иргэдээ хүлээн авч уулзан санал бодлыг нь сонсож байгаа юм. Өнгөрсөн ням гарагийн “Хөгжлийн цаг” уулзалтад ирсэн иргэд орон нутгийн үйлдвэрлэлээ дэмжих, ялангуяа хүнс үйлдвэрлэгчдийг ЖДҮ-ийн зээлд хамруулан үйлдвэрлэл үйлчилгээгээ сайжруулан ажиллахад нь дэмжихийг хүссэн байна. Мөн иргэд хавтгайрсан халамжийн бодлогыг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, “Нутгийн хишиг”-ийг орон нутгийн үйлдвэрлэлээ дэмжсэн ваучер олгох, их дээд сургуулийн чанаргүй боловсролоос татгалзаж, мэргэжлийн боловсролоо хөгжүүлж дэмжих, гэр хорооллын дэд бүтцийг шийдвэрлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг өрөвдөх биш хөгжихөд анхаарч ажиллахыг хүссэн юм. Үүнээс гадна уул уурхайн компаниудтай хамтын ажиллагааг өргөжүүлж, орон нутгийн иргэдээ түлхүү ажиллуулах, гэхдээ удирдах албан тушаалд нь нутгийн иргэдийн оролцоог нэмэх, Далангийн ногоочдыг дэмжих зэрэг саналуудыг гаргалаа.

“Хөгжлийн цаг” уулзалтад ирсэн иргэдтэй эргэх холбоотой ажиллаж байгаа бөгөөд санал хүсэлтийн хариуг уулзалтын үеэр, мөн бичгээр, утсаар гэх зэргээр өгч байгаа аж.

Монголын хүнсчдийн холбооны Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлийн дарга Ц.Энхтүвшин "Хүнс бол иргэдийн эрүүл амьдралын баталгаа болдог. Тиймээс хүнс үйлдвэрлэлд орон нутаг онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байна. Холоос хэдэн зуун км тээвэрлэж ирсэн хүнсний бүтээгдэхүүнээс илүүтэй нутагтаа үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ өргөн хэрэглэх, үүнээс гадна аймгийн хүнс үйлдвэрлэгчид техинологийн дэвшлийг нэвтрүүлэх шаардлагатай байгаа. Үүний гол түлхэц нь ЖДҮ-ийн зээлээр дэмжиж өгөх явдал юм" гэлээ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: