Монголчуудын ногдол ашгийг үгүй хийсэн "Рио Тинто" 7.2 тэрбум ам.долларын ногдол ашиг тараажээ

2021 оны 01 сарын 16

Гаднын хэвлэлүүдээр гарсан “Оюутолгой төсөл эрсдэлд орлоо, төсөл зогсож болзошгүй” гэсэн мэдээллийг Монголын хэвлэлүүд уулгалан нийтлэж буйн цаана тодорхой талуудын эрх ашигт нааштай үр дагаврууд гарч байхыг үгүйсгэх аргагүй. 2009 онд Оюутолгойн гэрээ байгуулагдахаас хавьгүй өмнө ч гаднын хэвлэлүүд Оюутолгойн сэдвээр үе үе дуугардаг байсныг, нэг ёсондоо танил технологи гэдгийг Монголчууд бид хаа хаанаа ерөнхийдөө гадарладаг болсон.

Гэхдээ энэ гол асуудал биш юмаа. Асуудлын гол нь Монголын Засгийн газар төслийн 34 хувийг эзэмшигчийн хувиар ирээдүйд хүртэх хүлээлттэй байдаг ногдол ашгийг 2051 он хүртлэх хугацаанд авах үнэхээр боломжгүй эрх зүйн зохицуулалт, орчин үйлчилж байгаа юу гэдэгт байгаа юм.

ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо дотоодын хэд хэдэн хэвлэлд өгсөн тайлбартаа Оюутолгой төслийг зогсоох асуудлыг яриагүй, төслөөс ирээдүйд хүртэх өгөөж байхгүйтэй адилхан болоод байгаа учраас холбогдох гэрээнүүдэд өөрчлөлт оруулах замаар, Монгол Улс эрх ашгаа хамгаалах нь чухал байгааг сануулаад байна. Тэрбээр "2020 онд Оюутолгой төслийн ТЭЗҮ-ийг дахин тодотгож шинэчилж,   санхүүгийн нарийвчилсан тооцооллыг хийсэн  талаар Рио Тинто  өнгөрсөн арванхоёрдугаар сарын 16-нд хөрөнгө оруулагчдад мэдээлэхээс  хэд хоногийн өмнө Засгийн газарт тооцооллыг өгсөн.  Санхүүгийн тооцооллыг судалж үзэхэд, гүний уурхайн үйлдвэрлэлийн нөөцөд тулгуурлан гаргасан судалгаагаар  Монгол Улс 2051 он хүртэл ногдол ашиг авахгүйгээр зогсохгүй 22 тэрбум ам.долларын өртэй үлдэхээр байна.  Мөн   ашгийн татварыг 2051 он хүртэлх хугацаанд  ердөө дөрвөн жил л төлөхөөр байна" гэхчлэн хэлсэн.

Монгол Улс өөрийн үүц баялаг болох Оюутолгойгоос ногдол ашиг авах боломжийг үгүй хийсэн тооцооллыг Засгийн газарт танилцуулсан “Рио Тинто” групп 2019 онд хувь нийлүүлэгчдэдээ 7.2 тэрбум ам.долларын ногдол ашиг өгснийг тодотгох нь зөв байх. Мөн Ерөнхий захирлынхаа  цалинг 27 хувиар нэмэгдүүлжээ. Тэгснээр  5,79 сая фунт стерлингийн цалин авч байгаа юм.

Үндэстэн дамжсан корпорацийг судлах төв SOMO-ийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Роданте  Алерс 2020 оны дөрөвдүгээр сарын 8-нд Оюутолгой төсөлтэй холбоотой нийтлэлдээ “Рио Тинто” группын талаар анхаарал татсан зүйлийг бичснийг судлаач Д.Ганхуяг тодотгон бичсэн байна.  

Роданте  Алерсын бичсэн нийтлэлээс эшлэн хүргэе.  

“Уулын боловсруулах Оюу Толгой төсөл бол их маргаантай, бөх цул төсөл бөгөөд саяхан НҮБ-ын хүний Эрхийн Комисс дээр маргаан дэгдээж, санаа зовох шалтгаан болов. Өөр ч хэд хэдэн шалтгаан бий:

  • 2018 оны эхээр Монголын Засгийн Газар Оюу Толгойд 155 сая ам.долларын татварын хуулийн төслийг танилцуулж, Rio Tinto-той хийсэн хоёр үндсэн гэрээнд гарын үсэг зурахад оролцсон нэр бүхий гурван түшмэлийг барьж хорив.

 

  • 2019 оны 11 дүгээр сард Засгийн Газар болон Rio Tinto-ийн хооронд байгуулсан гэрээг дахин хянаж үзэх шийдвэрийг Монголын парламент санал нэгтэй дэмжиж, тэдгээр гэрээ нь монголын ард түмэнд ашиггүй байна гэж үзэв.

 

  • Монголын захиргааны хэргийн шүүх “Дархан Монгол”, “Ногоон Нэгдэл” төрийн бус байгууллагуудын гаргасан 2015 онд Дубайд гарын үсэг зурсан Оюу Толгойн газар дорх ажлын гэрээ зохих ёсны процедурыг мөрдөөгүй гэсэн баталгааг зөвшөөрөв.

 

  • Оюу Толгойн далд уурхай анх төлөвлөж байснаасаа 30 сар илүү хоцорсон ч одоо болтол үр ашгаа өгөөгүйгээс гадна анх төлөвлөж байснаасаа 1,9 млрд ам.долларын хөрөнгө илүү зарцуулаад байна.

 

  • Rio Tinto энэ талаар олон сарын өмнө мэдэж байсан боловч хөрөнгө оруулагчид болон хувьцаа эзэмшигчид мэдэхээс өмнө АНУ, Их Британи, Австрали болон Монголын зохицуулах байгууллагуудад мэдээлсэн гэж  Rio Tinto-д ажиллаж байсан нэгэн ажилтан хэлжээ.

 

  • Хэдийгээр маш олон асуудалтай байсан боловч Rio Tinto яаж ийгээд хувь нийлүүлэгч нартаа 2019 онд 7,2 млрд долларын ногдол ашиг өгчээ. Түүний хамт өөрийн Ерөнхий захирлын цалинг 27%-иар нэмсэн ба энэ нь уг захирал өөртөө 5,79 сая стерлингийн фунтын цалин авсан хэрэг юм.

 

  • Rio Tinto 2018 оны 1-р сард татвар төлөх гэсэн өрөвдөлтэй шалтгаанаар Монголын Засгийн Газрын эсрэг арбитрын маргаан дэгдээсэн ба монголын татварын тухай хуулийн төсөл нь “дам эзэмшсэн” явдал мөн гэж баталжээ.

 

Монголын “OT Watch”-тай хамтран SOMO-гийн хийж, “Mining Taxes”-ын нийтлүүлсэн тайлан: Rio Tinto монголчуудын нэхэж буй 155 сая ам.доллароос хавьгүй их мөнгийг Монголын Засгийн Газарт өгөх ёстой гэдгийг харуулж байна. Худалдааны гэрээ, татварын тогтворжуулалт гэгчийн үр дүнд  Rio Tinto Монголд төлөх 232 сая ам.долларын татвараас зугтаж чадсан байна” гэхчлэн бичсэн байна.  

Сануулахад, Zindaa.mn сайт Оюутолгойн гэрээний өөрчлөлтийг угтсан анализ цуврал нийтлэлүүдийг 2020 онд хүргэж байсан билээ.

Тухайлбал, ТАТВАР-тай холбоотой сэдвийг хөндсөн  - ЦУВРАЛ II: “Рио Тинто”-той арбитрын үүдэнд уулзахын өмнө засагт өгөх ЗӨВЛӨГӨӨ - нийтлэлийг хүргэсэн байдаг.

Уг анализ нийтлэлд Үндэстэн дамнасан корпорацуудыг судлах төвийн тайланд Рио Тинто гадаадаас авсан зээлд төлсөн хүүд ногдох суутган татварыг хууль бусаар бууруулах замаар 232 сая ам.долларын татвар төлөөгүй.

Монгол Улстай байгуулсан Давхар татварын гэрээгээр дамжуулан татварын хувь хэмжээг бууруулж тогтоосон Нидерланд болон Люксембург дэх нэгжээрээ дамжуулан Монгол дахь салбар компаниа зээлээр санхүүжүүлэх замаар төлөх татварын хэмжээгээ бууруулсан  гэж үзсэн талаар болон бусад  асуудлуудыг хүргэж байсан юм.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: