"Сүг зургийн галерей"

2021 оны 01 сарын 06

Өмнөговь аймагт ирээд заавал үзэх ёстой газруудын нэг нь "Хавцгайтын хадны сүг зураг" байдаг.
Тус аймгийн Булган сумаас урагшаа 30 км-т орших Баруун сайхан уулын Богинын хяр хэмээх бэсрэг уулын ар бэлд Булган сумын мал аж ахуйн эрдэм шинжилгээний цэг байсан, Хавцгайт нэртэй багийн төв байдаг. Энэхүү багийн төвөөс зүүн урагшаа 1 км орчимд уг сүг зураг байдаг.
“Хавцгайтын хадны сүг зураг” нь Алдарт Арц Богдын өвөр хөндийг дагасан, Баян загийн суурингаас 40 км орчимд, эртний хүмүүсийн суурьшин байсан нэг цаг үед хамаарах магадлалтай юм.
Гурван сайхан түүний орчны уулсыг одоогоос 400-500 сая жилийн өмнө үүссэн нэлээд залуу уулс хэмээн үздэг. Энэ хавийн чулуулгууд нь элсэн бүтэцтэй тэдгээрийн гадаргуу нь олон зууны нар салхинд түлэгдэн хар бараан мэт болсон нь ямарваа нэгэн багаж хэрэгслээр зурахад өнгөн хэсэг нь амархан элэгдэж цайвар өнгийн мөр гарна. Энэхүү мөр, өнгөнөөс нь мөн зурсан зургуудын дээгүүр нь тогтон ургасан хадны хагаас нь тухайн зургуудын нас, үеийг тогтоох боломжууд бий.
Харин түлэгдсэн бараан өнгөний цаанаас гарах цайвар өнгө нь нимгэн, гүн ухагдсанаасаа шалтгаалан өөр өөр өнгөтэй байх боловч тэдгээрийн хуучирч элэгдсэн байдлаас нь нас, үеийг нь тогтоох боломжтой юм. Ер нь энэ уулын орчимд олон тооны сүг зураг байдаг хэдий ч “Хавцгайтын хадны сүг зураг” нь өөрийн илэрхийлэл, зохиомжоороо өвөрмөц содон, нэн уран дурслэлтэй юм. Тус сүг зургийг 4000-5000 жилийн өмнө хүрэл зэвсгийн дунд болон сүүл, төмрийн эхэн үед бүтээгдсэн хэмээн үздэг.
“Хавцгайтын хадны сүг зураг”-т тус нутагт байхгүй буга, тэмээн хяруул гэж хэлэхээр том шувууны зураг /1920-иод оны дундуур Америкийн судлаач Рой Чапмэн Эндрюсийн багийн олсон эмэгтэй хүний хүзүүний зүүлт болгон хэрэглэж байсан Аварга тэмээн хяруулын өндөгний чулуужсан хальстай нэг талаар тохирч байгаа юм/, том бух гөрөөс /Бух гөрөөс, ирвэс гэхээсээ илүү бар, “Барын бүл”/ гэмээр дүрслэл зургууд хэд хэд давтагдан зурагдсан байдаг.
Мөн тухайн зургуудаас тэр үеийн нэг өдрийн зураглалыг ч олж харах боломжтой гэж нутгийнхан хэлдэг бол мэргэжлийнхэн "Сүг зургийн галерей" гэдэг байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: