Тосон бумбын төлөө иргэд 10 жил тэмцэж байна

2019 оны 07 сарын 30

2016 ОН: ТОСТЫН НУРУУГ ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ УИХ-ЫН ТОГТООЛ БАТЛАГДАВ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах зайлшгүй шаардлага үүссэний дагуу “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын төслийг одоогоос гурван жилийн өмнө 2016 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр УИХ-аар хэлэлцэж, нийт 896 мянган га газрыг Монгол Улсын тусгай хамгаалалттай бүсэд багтаахаар болсон.

2017 ОН: ЗАСГИЙН ГАЗАР УУРХАЙН ЛИЦЕНЗТЭЙ ТАЛБАЙГ ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ГАДНА ҮЛДЭЭЛЭЭ

Үүнээс нэг жилийн дараа буюу 2017 онд Засгийн газраас тусгай хамгаалалттай бүсийн хил хязгаарыг тогтоохдоо анхны тооцооллоор нь батлаагүйгээр барахгүй тус орон нутгийн цэвэр усны хагалбар орших хамгийн чухал хэсгийг хамгаалалтын бүсээс хассан байдаг. Тодруулбал, 2017 гуравдугаар сарын 15-ны өдрийн Засгийн газрын 91 дүгээр тогтоолд Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалттай бүсийг 743 мянган га газраар тогтоосон бөгөөд анх тооцоолж байсан 896 мянган га газраас 147 мянган га газрыг тусгай хамгаалалтын бүсэд багтаалгүй үлдээсэн юм.

Ийнхүү улсын хамгаалалтаас гадуур үлдсэн уг хэсэг нь тухайн үеийн Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн гэгдэх “Саус гоби коэл транс” компанийн хоёр ч лицензтэй газар байсан бөгөөд тус компани нь Засгийн газрын 91 дүгээр тогтоол гарахаас долоо хоногийн өмнө Гурвантэс сумын 3, 4-р багийн нутаг Хөвд, Хуршуутын Баянбүрдийн дунд уурхайн тосгоноо байгуулан ажиллаж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, “Саус гоби коэл транс” компанийнхан өөрсдийн лицензтэй газрыг тусгай хамгаалалтад оруулалгүйгээр авч үлдэх “лобби”-гоо өмнө нь хийчихсэн, Засгийн газрын шийдвэр хэрхэн яаж гарахыг урьдчилан мэдэж байсан гэсэн үг.

2018 ОН: “САУД ГОБИ КОЭЛ ТРАНС”-ЫН УУРХАЙ АЖИЛЛАЖ ЭХЭЛСЭН НЬ

Ингээд Тостын нуруунаас арваад км-ын зайд “Сауд гоби коэл транс” компанийн Баянтэс уурхай үйл ажиллагаагаа эхлүүлж 2018 оны арванхоёрдугаар сараас олборлолт хийж эхэлсэн байдаг. Ингэж уурхайн ажил эхэлснээр Хөвд, Хуршуутын гол ширгэх, иргэдийн амьдрах орчин алдагдах, малын бэлчээргүй болох, зэрлэг ан амьтад харангадаж үхэх бодит аюул нүүрлэсэн юм.

2019 ОН: АРВАН ЖИЛ ҮРГЭЛЖИЛСЭН ИРГЭДИЙН ТЭМЦЭЛ ЭНЭ ХҮРЭЭД ХАНА МӨРГӨВ

Орон нутгийн удирдлага, иргэд анхнаасаа энэ уурхайг ажиллуулахгүй гэсэн байр суурьтай байсан. Учир нь Өмнөговь аймагт хангалттай олон уурхай бий. Эдгээр уул уурхайн үйл ажиллагааны нөлөөллийн улмаас зөвхөн Гурвантэс сумын нутагт гэхэд сүүлийн хоёр жилийн дотор 30 гаруй булаг шанд, баянбүрд ширгэж, талын гөрөөс уул руу хүртэл дайжих болжээ. Тиймээс энэ нутагт дахин шинэ уурхай нээлгэхгүй хэмээн орон нутгийн удирдлага, иргэдийн зүгээс хууль хяналтын байгууллагад хандах, хэвлэлийн хурал хийх, санал, хүсэлтээ хүргүүлэх гээд чадах бүхнээ хийж, Засгийн газар, холбогдох яамдад хандсаар иржээ. Тухайлбал, яригдаж буй лицензийн талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад авах шийдвэрийг сумын ИТХ-аас 2010, 2014, 2017 онд гаргаж, холбогдох яамдад хүргүүлсэн бол аймгийн удирдлага 2012 оноос эхлээд “Энд уурхай ажиллуулахгүй, тусгай хамгаалалтад авч өгөөч” гэсэн утгатай албан бичиг арваадыг УИХ, Засгийн газарт хаягласан байна. Гэвч холбогдох яамдаас нутгийн удирдлагуудад албан ёсны хариу өгсөн удаагүй. Түүнчлэн Тост, Тосон бумбын нуруунд уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг эсэргүүцсэн иргэд шүүхэд хандсан ч гурван шатны шүүхээс иргэдийн эсрэг шийдвэр гаргаж, эцэст нь Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулснаар иргэд шүүхэд гомдол гаргах эрхгүй болсон юм.

ХАРИН ӨНӨӨДӨР

Орон нутгийн удирдлагууд, иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд хамтран дээрх асуудлыг олон нийтийн анхааралд дахин оруулах, шийдвэр гаргагч нарт үнэн бодит мэдээлэл хүргэж уурхайн хууль бус үйлдлийг зогсоохын төлөө ажиллаж байна.

Тост, Тосон бумбын нуруу орчимд үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коал транс” компанийн “Баянтэс” уурхайд Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрөгч дөрөвдүгээр сарын 4-5-ны өдрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалтыг оруулсан билээ. Шалгалтаар, ашигт малтмалын төлбөр төлөөгүй, уулын ажлыг зураг төслийн дагуу явуулаагүй, орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, ус ашиглах дүгнэлтгүй, химийн бодис ашиглах зөвшөөрөлгүй, автозамын транс тогтоолгоогүй зэрэг хууль зөрчсөн 30 гаруй үйлдэл илрүүлжээ. Улмаар дээрх компанийг Ашигт малтмалын тухай хууль, Барилгын тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Авто тээврийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Газрын тухай хууль зэрэг Монгол Улсын хууль болон Засгийн газрын тогтоол зөрчсөн гэж үзэн, зургаадугаар сарын 20-ыг хүртэлх хугацаанд зөрчлөө арилгах шаардлага хүргүүлсэн юм.

Гэвч өнөөдрийг хүртэлх хугацаанд “Баянтэс” уурхай дээрх зөрчлүүдээ арилгасан эсэх нь тодорхойгүй нүүрс тээврээ үргэлжлүүлсээр байгаа юм. Угтаа бол хуулиараа улсын байцаагчийн хугацаатай албан даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд тус уурхайн үйл ажиллагааг зогсоох эрхзүйн зохицуулалттай.

Түүнчлэн тавдугаар сарын 23-27-ны өдрүүдэд “Хариуцлагатай уул уурхай” нээлттэй сурвалжилгын баг Гурвантэс сумын нутагт ажиллаж, уурхайн нэгдүгээр ам усаар дүүрсэн байхыг баримтжуулан авч, холбогдох албаныханд шинээр үүссэн нөхцөл байдлыг үндэслэн дахин шалгалт оруулах хүсэлт өгсөн юм. Энэ хүсэлтийн дагуу Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтаас дахин шалгалт оруулсан боловч мөн өнөөдрийг хүртэл албан ёсны хариу ирүүлээгүй байна.

Тиймээс Байгаль орчин аялал жуулч­лалын яамны санаа­чил­гаар, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин аялал жуулч­лалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газар, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудын хамтарсан өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч Өмнөговь аймаг Гурвантэс сумын нутаг, Тост, Тосон бумбын нурууны орчимд үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коал транс” ком­панийн үйл ажиллагаанд шал­галт оруулахаар болоод байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: