“Оюутолгой”-н хувь заяа зохиолынхоо дагуу шийдэгдэх үү?

2019 оны 06 сарын 10

-ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ЧУХАМДАА МАН, АН-ТАЙ БУС МОНГОЛ УЛСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ КОМПАНИЙН АШИГТАЙ АЖИЛЛАГААНД Л САНАА ТАВИНА-

Оюутолгой ашигтай, ашиггүй. “Рио Тинто” өөдгүй луйварчин. Монгол Улсыг цөлмөж дууслаа. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 50-иас илүү хувь, Улсын төсвийн орлогын 60-аас илүү хувийг бүрдүүлдэг Оюутолгой төсөл рүү чиглэх үгс, өлгөдөг пайз нь ердөө л энэ. Сонгууль болохоос яг жилийн өмнө Оюутолгойтой байгаа гэдгээ улстөрчид санасаар гурван ч сонгууль өнгөрчээ. Биднийг эндээ муу, сайн, луйвар, булхай гэж талцаж байх хооронд бидэнтэй ижил хувь заяаг Намибын уурхай туучиж байна. Сүүлийн 20 жил ураны томоохон төслөө энд нэг, тэнд нэг муулсаар оны өмнөхөн “Рио Тинто” ураны уурхайг БНХАУ-ын төрийн өмчит компанид худалдахаар хэлэлцэж эхэлсэн юм.

ОЮУТОЛГОЙН ДРАМ

Өнгөрсөн амралтын өдөр БНХАУ-ын Коммунист намын Улс төрийн товчоо, үзэл суртлын хэлтсийн төлөөлөл Оюутолгойтой танилцаад явав. Албан ёсны хөтөлбөр биш монголчуудын хэрэгжүүлж буй хамгийн том төсөлтэй нүдээрээ танилцъя гэсэн хүсэлтийн дагуу гэж тодотгож байгаа ч Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж байх үетэй давхацсан нь тохиолдлын хэрэг биш гэлтэй. Өнгөрсөн жилийн зургаадугаар сарын 25-нд Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлт гарч, УИХ-ын бүтэн жилийн турш гарсан дүгнэлттэй танилцаад Оюутолгойг Монгол Улсад ашиггүй гэж оношлов. Бүхэлдээ ашиггүй биш зүйл заалтыг нь өөрчлөх ёстой гэж зарим хэсэг нь үзэж буй ч попрох дуртай улстөрчид үүнийг бүхэлд нь муу гэрээ цуцлах ёстой гэж тунхаглах болжээ. Сайн, муу хэлдэг ч сүүлийн 10 жилийн Монгол Улсын эдийн засаг уул уурхайтай, тэр дундаа Оюутолгойтой холбогдсоор ирсэн нь нууц биш. Өнгөрсөн жил орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 50-иас илүү хувь буюу 1.3 сая ам.доллар Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотойгоор орж ирсэн. Мэдээж энэ том төслийг тойрсон улс төр цаашлаад олон бүлэглэлийн эрх ашиг хэлхэлдэж байгаа учраас “Рио Тинто” компани “Улс төрийн эрсдэлийн даатгал”-д хамруулав. Нэг ёсондоо иргэний дайнтай, шашин хоорондын тэмцэлтэй улсуудад хэрэглэдэг тактикаа бидэн дээр ашигласан гэсэн үг. Далд уурхайн бүтээн байгуулалттайгаар холбоотой зарим зүйл заалтад өөрчлөлт оруулсан “Дубай”-н гэх тодотголтой гэрээгээр “Оюутолгой” төсөл бүтнээрээ “Улс төрийн эрсдэлийн даатгал”-д хамрагдсан байдаг. Дэлхийн банкинд бүртгэлтэй Олон талт хөрөнгө оруулалтын баталгааны байгууллага, Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран дээрх даатгалд хамрагджээ. Улс төрийн тогтворгүй нөхцөл байдал үүсэхээс шалтгаалан энэ даатгалд хамрагдан 2.2 тэрбум ам.долларын санхүүгийн баталгаа гаргасан байна. “Рио Тинто” бол Монголын ард түмний баялаг гэж энхрий хайрт улстөрчид цээжээ дэлдэн бархирч байсан 2010-аад оны үетэй энэ цаг үе давхацдаг. Тухайн цаг үед хувь заяаны шоглоомоор иргэний дайны хөлд дарлуулж буй Бүгд найрамдах ардчилсан Конго, улс төрийн маргаантай байсан Өмнөд Африктай хамт дээрх даатгалд хамрагдсан.

Оюутолгойн гэрээ бүхэлдээ сайн биш. Хамгийн гол нь тэр сайн биш хэсгээ бүтээлчээр тогтоогоод “Рио Тинто”-той хэлэлцээрийн ширээний ард суусан нь хөрөнгө оруулалтыг үргээчихгүй тогтоон барих үндэс юм. Ялангуяа Эрдэнэс-Тавантолгой компани олон улсын зах зээлд гарах хүлээлттэй байгаа энэ цаг мөчид хамгийн гол нь итгэл. Хөрөнгө оруулагч чухамдаа Ардчилсан нам, Ардын намтай бус Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй компанийн ашигтай ажиллагаанд л санаа тавина. Өөр юутай ч биш. “Оюу Толгой” компанийн ил уурхай 2013 оноос олборлолтоо эхэлж байсан түүхтэй. Үүнээс яг хоёр жилийн дараа буюу 2015 онд техник, эдийн засгийн үндэслэлээ шинэчилж, улмаар далд уурхайн бүтээн байгуулалт 2021 онд дуусна гэж заасан юм. Тус компани 2010-2018 оны хооронд улс, орон нутагт татвар, рояалти хэлбэрээр 1.5 тэрбум ам.доллар зарцуулаад байна. “Оюу Толгой” компани нийт өр, авлагаа дуусгаад 2029 оноос ногдол ашиг тараахаар гэрээнд тусгасан.

РОССИНГИЙН ТРАГЕДИ

Намиб улс. Их элсэн цөл дунд орших Россинг уурхай. Ураны арвин нөөцтэй энэ газар Намибаас давсан эрх мэдэлтнүүдийн шуналын хараанд өртсөн эмгэнэлт түүхтэй. Намибын газар нутагт байгаа мөртөө Иран, “Рио Тинто”, Өмнөд Африк зэрэг хөндлөнгийн хүмүүсээр хувь заяагаа шийдүүлдэг байсаар 1990-ээд онтой золгосон билээ. Тухайн цаг үед Намибын жижиг намууд эрх мэдлийн төлөө шүлсээ үсчүүлэн тэмцэлдэж байх хооронд “Рио Тинто” компани тус уурхайг мэдэлдээ авч Россинг уурхай компанийг байгуулсан байдаг. Ингэхдээ “Рио Тинто” компани Россинг компанийн 69 хувийн хувьцааг, Ираны Засгийн газар 15 хувийг, Өмнөд Африкийн төрийн өмчит IDC компани 10 хувийг, Намибын Засгийн газарт таван хувийг, нутгийн иргэдэд гурван хувийг оноожээ. Хуваарилалт нь шог байна аа гэж 70-аад онд хэн ч шуугиагүй учраас 1980-аад оны сүүлээр улстөрчдийн тэмцэл шувтрах үеэр чухам юугаа алдсанаа Намибчууд ухаарсан юм.

“Рио Тинто” компани 1976 онд Россинг уурхайг албан ёсоор нээснээс хойш нутгийн иргэдийн хэрүүл, сийрэг толгойтой эрдэмтдийн шүүмжлэлээс нэг хоног ч холдож чадаагүй юм. Хэлэлцээрийн ширээний ард Намибын Засгийн газар хэд, хэдэн удаа суусан ч Намибаас илүү харагдах “Рио Тинто” тэр болгонд нь хариуг нь барьсаар байлаа. Ингэж явсаар 1990 онтой золгож удалгүй компанийн хувьцаа эзэмшиг эрхийг хэвээр үлдээж Россинг бүлэг ордыг нийтэд нь төсөл гэж тодотгон төслийн 51 хувийг Намибын Засгийн газар эзэмшихээр болсон юм. Байдал 20 гаруй жил сайн байсан ч 2010 оноос эхлэн 80-аад оны нөхцөл байдалдаа эргэн оров. Газар зүйн нөхцөл байдлаас шалтгаалан олборлолт, боруулалт нь таван жил дараалан буурсан нь “Рио Тинто”-г чухам юу хийх вэ гэдэг нөхцөлд аваачсан юм. Тэд мэргэн санаа бодон олж Россинг компанийн 68.6 хувийг Хятадын талд зарахаар хэлэлцээрийн ширээний ард сууж эхлэв. Намибын Засгийн газар үүнд нь эгдүүцэн асуулга хүргүүлсэн ч “Төсөлд нь биш компанитай хэлэлцээ хийж байгаа Намибын Засгийн газарт хохиролгүй” гэж амыг нь таглах үгтэй байлаа. Энэ сарын 03-ны өдөр Намибын Засгийн газар “Рио Тинто” болон БНХАУ-ын талын тохиролцсон “Россинг” уурхайн 68 хувийг худалдах хэлцлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдлээ. Хэрэв Намибын хууль дүрмийн дагуу энэ хэлцэл явагдах юм бол Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлнэ гэдгээ хатуу сануулав.

“Россинг” ураны уурхайн 69 хувийг эзэмшдэг “Рио Тинто” компани 2018 оны арванхоёрдугаар сард БНХАУ-ын талд 68.6 хувийг Хятадын төрийн өмчит Хятадын үндэсний ураны корпорацид зара­хаар хэлэлцээ эхлүүлснээ зар­ласан байдаг. БНХАУ-ын тал ч энэ хэлэлцээг амжилттай болно гэж найдаж буйгаа илэрхийлсэн юм. Тухайн үедээ Намибын Засгийн газар хууль бус гэж үзэж байгаа ч давуу эрхтэй хувьцаа эзэмшдэг “Рио Тинто” компани хуулийн дагуу гэж мэдэгдэж байсан билээ. “Россинг” төсөлд далд уурхайн бүтээн байгуулалтыг нэвтрүүлэх гэж сүүлийн 10 жил төлөвлөж байгаа ч одоогоор ажил хэрэг болоогүй байна.

Жич: Ердөө нэг хоногийн өмнө АНУ-ын Нью-Йорк хотын тойргийн шүүх “Рио Тинто” компани  Мозам­бик улсад хэрэгжүүлсэн нүүрс­ний төслийг ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй гэж үзэн” Рио Тинто” компанийн талд хэр­гийг шийджээ. Сүүлийн хоёр жил үргэлжилсэн маргаан ийнхүү “Рио Тинто”-гийн талд шийдвэрлэгдсэн юм.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: