“Сауд гоби коал транс”-ийн үйл ажиллагааг зогсоохыг БОАЖЯ-наас шаардлаа

2019 оны 05 сарын 27

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны гадна талбайд Өмнөговь аймгийн иргэд, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, АН-ын залуу гишүүд, иргэний нийгмийн төлөөлөл өнөөдөр /2019.05.27/ жагсаж байна.

Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах Тост, Тосон бумбын нуруунд “Сауд гоби коал транс” компани уул уурхайн үйл ажиллагаа явуулж буйг эсэргүүцэж буй ажээ. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Н.Цэрэнбатад шаардлага хүргүүллээ.

Тус шаардлагад “Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж байгаа “Сауд гоби коал транс” компанид олгосон талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, Ойн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2012 оны зургаадугаар сарын 5-ны өдрийн 194 дүгээр тогтоол, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, НҮБ-аас гаргасан Ховор ан амьтны жагсаалт гэрээг зөрчсөн. “Сауд гоби коал транс” компани уул уурхайн үйл ажиллагаа явуулахдаа тусгай зориулалтын тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэхийн тулд байгаль орчны үнэлгээ хийлгээгүй, тусгай зориулалтын зам барих ажил хийгээгүй. Иймд “Сауд гоби коал транс” компанийн үйл ажиллагааг зогсоох саналыг Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэх шаардлага хүргүүлж байна” гэжээ.

Мөн Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авч, хилийн хязгаарыг тогтоохдоо “Сауд гоби коал транс” компанийн ашиглалтын лицензтэй га газрыг хамгаалалтаас гаргаж үлдээсэн асуудлыг эргэж харах ёстой гэж үзэж байна. Жагсагчид “Тост, Тосон бумба аврал эрж байна”, “Говийн усны нөөц барагдлаа”, "Ирвэсийг хамгаал", “Б.Чойжилсүрэн идсээр”, “Уух ус, нүүх нутаггүй боллоо” хэмээн самбар барин жагслаа.  

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: