"Нүүрс тээвэрлэгч жолооч нар дагасан суурьшлын бүс үүссэн"

2019 оны 05 сарын 23

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нэтэг дэвсгэрт байрлах Гашуун­сухайт боомтыг тойрсон олон ноцтой асуудал яригдсаар ирсэн. Тэнд нүүрс тээвэрлэгч жолооч нарыг дагасан хууль бус худалдаа, архидан согтууралт, зам тээврийн осол, ман­суу­руулах бодисны хэрэглээ, биеэ үнэлэлт гэх зэрэг олон гэмт хэрэг гарсаар байгаа юм. Үүнд төрийн байгууллагынхан анхаарал хандуулж, шат дараатайгаар олон ажил хэрэгжүүлж буй гэх мэдээлэл өгдөг. Энэ хүрээнд саяхан ЦЕГ-ын дэд дарга болон Тээврийн цагдаагийн албаны даргаар ахлуулсан ажлын хэсэг Гашуунсухайт боомтод ажиллаад ирсэн байна. Уг ажлын хэсэгт ажил­ласан ЦЕГ-ын Нийтийн хэв журам олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах албаны Нийтийн аюулгүй байдлыг хангах албаны  дарга Ц.Цэрэнпунцагтай ярилцлаа.


-Та Гашуунсухайт боомт орчимд шал­галтаар яваад ирсэн юм байна. Тэнд одоогийн байдлаар ямар нөхцөл байдалтай байна вэ?

-Өмнөговь аймгийн Цагаан хад орчимд сүүлийн хэдэн жилд нүүрсний жолооч нарыг дагасан суурьшлын бүс бий болсон. Тэрхүү бүсд маш олон асуудал яригддаг. Тэнд олны анхаарал татсан ийм эмзэг цэг бий болсон. Мөн шинээр суурьшлын бүс үүсч, нүүрс тээвэрлэх, нүүрс ачилт хийх тээврийн асуудалтай холбоотойгоор иргэд маш ихээр очсон. Тээврийн жолооч нар олноор ажлын байраа дагаж очсоноос үүдэн олон асуудал бий болоод байгаа. Тухайлбал, зохион байгуулалттай цэг нээн ажиллуулах, хуульд нийцэхгүй худалдаа үйлчилгээ явуулж байгаагаас болж нөхцөл байдал хүндэрсэн.

Цагаан хаданд үүсээд байгаа нөхцөл байдлыг сайжруулах чиглэлээр Монгол Улсын Ерөнхий сайд төр захиргааны байгууллагуудад тодорхой үүрэг чиглэл өгсөн юм. Энэ дагуу ЦЕГ-ын даргын өгсөн үүргийн дагуу томилогдсон ажлын хэсэг дөрөвдүгээр сарын 19-21 өдрүүдэд тус бүсд ажиллаад ирлээ.

-Тэр суурьшлын бүсэд хэдэн цагдаагийн ажилтан үүрэг гүйцэтгэж ажилладаг вэ. Цагдаатай холбоотой олон асуудал яригддаг шүү дээ. Тухайлбал, нүүрсний жолооч нараас мөнгө татдаг гэхчлэн яригддаг?

-Цагаан хад суурьшлын бүсэд цагдаагийн гэрээт тасаг 25 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Замын хөдөлгөөний дүрмийг хэрэгжүүлэх, хууль дүрмийг сахиулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг ажлыг хариуцаж үүрэг гүйцэтгэж байгаа. Тус бүс нутаг нь Өмнөговь аймгийн цагдаагийн хэлтэст харъяалагддаг. Мөн нутаг дэвсгэрийнхээ бүсчлэлийн дагуу Ханбогд сумын нутагт хамаарагддаг юм. Таны хэлсэн цагдаагийн алба хаагчидтай холбоотой олон мэдээллийг цагдаагийн дотоод хяналт шалгалт тухай бүрт нь нарийн хянаж ажилласаар ирсэн. Бидний ажлын хэсгийн шалгалтын хүрээнд цагдаагийн алба хаагчтай мэдээлэл нотлогдсон зүйл байхгүй байна.

-Хууль бус худалдаа гэдгийг илүү тодруулж ярихгүй юу?

-Хууль бус худалдаа гэдэг нь хууль бусаар буюу ямар нэгэн байдлаар нутгийн захиргааны зохих ёсны зөвшөөрөл байхгүй, бүртгэл хийгдээгүй хоолны цэг байгуулж ажиллаж буй зөрчил их байна. Цагаан хад орчимд нийт 12 зөвшөөрөлтэй газар үйл ажиллагаа явуулж байгаа. 12 газар хүнс болон архи согтууруулах ундаа зарах зөвшөөрөлтэй гэсэн үг. Гэтэл дээрх бүсэд энэ тоо нь хэтэрхий их байгаа тул цаашид зөвшөөрөл нэмж олгохгүй байх тал дээр сумын Засаг даргын тамгын газрын албан тушаалтнуудтай уулзалт хийсэн. Үүн дээр цагдаагийн байгууллагаас өдөр тутмын хяналт шалгалт хийж ажиллаж байна. Мөн бүртгэл хяналтгүй такси үйлчилгээ явуулах, хоол унд хийж жолооч нарт зарах, тэр ч бүү хэл архи согтууруулах ундааны зүйл хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт зарах асуудлыг тухай бүрт нь илрүүлэн хариуцлага тооцож байна.

-Нүүрс тээврийн жолооч нар мими гэх хар тамхи хэрэглэж байсан нь тогтоогдоод байсан шүү дээ. Энэ асуудал дахин гарсан уу?

-Энэ асуудлыг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх тасаг хариуцаж ажилласан.

-Тэнд албан ёсны тоогоор хэдэн жолооч нүүрс тээвэрлэж хөдөлгөөнд оролцож байна вэ. Тэд өөрсдийн эрхийн асуудлыг сөхөж мэдээлэл хийж байсан. Жолооч нар ихэвчлэн ямар зөрчил гаргадаг юм бэ?

-Өнөөдрийн байдлаар 2500-3000 мянган жолооч тэнд нүүрс тээвэрлэж байна. Тухайн тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар ихэвчлэн хурд хэтрүүлэх зөрчил гаргадаг. Замын хөдөлгөөнд заагдсан дүрэм журмын дагуу хөдөлгөөнд оролцоогүйгээс үүдэн осол их гардаг.

Мөн хил дээр үүсэж байгаа ачаалал их байдаг учраас батлагдаагүй замаар тээвэр хийх асуудал сүүлийн үед их болсон. Энэ байдал нь нутгийн иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчинд нь сөргөөр нөлөөлж байгаа. Иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулах, байгаль орчинд хохирол учруулах зэрэг сөрөг нөлөө их байдаг. Манай гэрээт цагдаагийн байгууллага нүүрс тээвэрлэж буй жолооч нарыг хөдөлгөөнд оролцож байх үед нь хяналт шалгалт зохион байгуулж зөрчил арилгуулахаар тасралтгүй ажиллаж байгаа.

-3000 жолооч нарыг 25 цагдаа хариуцаж ажиллаж байна гэлээ. Алба хаагчид бүрэн хянаж ажиллаж чадаж байна уу?

-Тэр нь хөдөлгөөнтэй байдаг бүс учраас болно. Яагаад гэхээр нэг дор удаан хугацаагаар төвлөрөхгүй гэсэн үг. Нэг хэсэг нь Цогтцэций сумаас тээвэр хийж байхад нөгөө хэсэг нь хил дээр ирсэн байдаг гэх байдлаар байнгын хөдөлгөөнтэй байдаг.

-Цаашид тэрхүү бүсэд яг ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

-Манай зүгээс цаашид зөрчил гаргаж буй жолооч нарыг хариуцаж байгаа аж ахуйн нэгжүүдтэй уулзалт хийх, тэр бүсийг хариуцаж байгаа засаг захиргааны байгууллагуудтай хамтран ажиллана. Ингэхдээ замын чиглэлийг өөрчилж шинэчлэх, авто зогсоолуудыг шинээр байгуулах, үйл ажиллагаа явуулж байгаа цэгүүдэд шаардлага хүргүүлэх, дугаарлаж байгаа жолооч нарыг журманд оруулах тал дээр олон ажил хийнэ. Хамгийн гол нь дараалал ихээр үүссэнээс болж маргалдах, гэмт хэрэг үйлдэх, яарсан жолооч нар хүн дайрах, гэмтээх зэрэг хэрэг гарч байдаг шүү дээ. Мөн зам тээврийн ноцтой ослуудаас урьдчилан сэргийлэх үүднээс замын тэмдэг тэмдэглэгээг байршуулах, хууль бусаар худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа иргэдийг хяналтанд авах юм. Хууль бусаар жолооч нарыг дагаж хоол болон янз бүрийн бараа зардаг иргэдийг бүртгэлжүүлж нэгдсэн хяналттай болгох зэргээр ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар багагүй арга хэмжээ авч хэрэгжүүлснээр төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны уялдаа сайжирч байна. Мэргэжлийн хяналт, Засаг захиргаа, цагдаагийн байгууллага, иргэд хамтарснаар тодорхой хэмжээний ахиц ажиглагдаж байгаа. Биднийг очсоноос хойш ноцтой гэмт хэрэг зөрчил гараагүй. Мөн дээрээс нь хууль бусаар оршин сууж байгаа иргэдийг бүртгэлжүүлж байгаа. Түүнчлэн тэнд байнга оршин сууж үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэдийг албан ёсны бүртгэлтэй болгож эхэлсэн. Тиймээс энэ бүс цэгцрэх шатандаа орсон.

-Сүүлийн үед “янхан” жолооч гэх нэршил гарч ирээд байна шүү дээ. Энэ нэршил хаанаас гарсан, ямар учиртай нэршил вэ?

-Энэ асуудал биеэ үнэлэгч нартай холбогдсон юм уу аль эсвэл биеэ үнэлэгч нарыг байнга машиндаа авч явдаг гэх асууд­лаар дээрх нэршил гараагүй юм. Энэхүү олон нийтийн дунд яригдаад байгаа нэршил нь жолооч нарын үйл ажиллагаатай холбоотой юм билээ. Яг ямар үйл ажиллагаа вэ гэхээр тухайн жолооч машинаас машины хооронд явж тээвэр хийдэг үзэгдэл их байдаг. Тухайлбал, хил гарсан машинаа өөр хүнд өгч, хилээр орж ирж байгаа машиныг буцаж унаж явдаг. Өөрийн гэсэн машингүй олон машин дамжиж нүүрс тээвэрлэдэг жолооч нарыг тэгэж нэрлээд байгаа юм. Үүн дээр бид анхаарч ажиллаж байна. Нэгдсэн байдлаар өөрийн эзэмшлийн машинтайгаар нүүрс тээвэрлэлт хийлгэдэг болгоно.

-Жолооч нарыг байнга торгодог гэх асуудал их яригддаг шүү дээ?

-Тээвэр хийж байгаа жолооч ямар зөрчил гаргаснаас нь хамаарч торгуулийн арга хэмжээ авч байгаа. Тухайн жолоочийн гаргасан зөрчлийн хор хохирол ямар байснаас хамаарч хууль заагдсан шийтгэл хүлээлгэж торгож байна. Цагдаагийн байгууллага бол зөрчилд нийцсэн хуулийн дагуу л арга хэмжээ авдаг. Торгуулахгүйн тулд жолооч зөвшөөрөгдсөн зам, маршрутаараа заагдсан дүрмийн дагуу хурд хэтрүүлэхгүй хөдөлгөөнд оролцох ёстой. Тэрнээс биш хууль зөрчсөн бол торгуулах нь зүй ёсны хэрэг. Цаг хожих гэсэн өөрийн эрх ашгаасаа болж хүний амь насанд хүртэл хүрч болзошгүй нөхцөл байдал үүсдэг. Хүний амь нас болон өөрийнх нь эрүүл мэнд амь нас эрсдэхгүй байлгах үүднээс цагдаагийн алба хаагчид зохицуулж ажиллаж байгаа юм.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: