Н.Наранбаатар: Байгалийн аюулт үзэгдлийг улстөржүүлэх нь зохисгүй

2019 оны 05 сарын 14

Өмнөговь аймагт тавдугаар сарын 13-нд хүчтэй цасан шуурга шуурч, цаг агаарын аюултай үзэгдэл болсны улмаас олон тооны мал үрэгдэж, дөрвөн хүн амиа алдсан харамсалтай үйл явдал болсон. Гэтэл өчигдөр /2019.05.13/ Өмнөговь аймгийн Ардчилсан намын улс төрийн бодлого хариуцсан орон тооны дэд дарга Б.Энхмөнх тэргүүтэй хүмүүс аймгийн Засаг дарга Н.Наранбаатарын өрөөнд дайрч орон, маргаан үүсгэсэн байна. Энэ талаар аймгийн Засаг дарга Н.Наранбаатараас тодруулаа. 


-Байгалийн гамшигт үзэгдэл болсонтой холбоотойгоор Өмнөговь аймгийн АН-ын гишүүд маргаан үүсгэжээ. Тухайн үед юу болсон юм бэ?

-Аймгийн удирдлагууд цасан шуурга, байгалийн гамшиг болохыг урьдчилан мэдэж байсан. Аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд болон цахим орчинд, бүх сувгуудаар сэрэмжлүүлэг хүргэсэн. Мөн би өөрийнхөө цахим хуудсаар дамжуулан сэрэмжлүүлэг өгсөн. Иргэд, малчдад мэдээлэл, сэрэмжлүүлэг хангалттай хүрч, аймаг, сумын онцгой комисс мэдэж байсан. Цасан шуурганаар сумаасаа гарахад эргээд сумаа олохооргүй сүрхий харанхуйлж шуурга шуурсан. Би тэр өдөр Ханбогд, Цогтцэций сумдуудад ажилласан. Тухайн үед аймгийн Онцгой комиссыг аймгийн ИТХ-ын дарга ахлаад, үүрэг чиглэл өгөөд ажиллаж байсан. Аймгийн ИТХ цахим орчинд мэдээлэл хүргэснийг хараад намайг аймагтаа байхгүй, гадаад дотоодод зугаалж явсан байх гэж энэ хүмүүс ойлгосон юм шиг байгаа юм. Тэгээд өчигдөр /2019.05.13/ аймгийн АН-ын дэд дарга, гишүүд гэсэн хэдэн хүмүүс өрөө рүү дайрч орж ирсэн. Албан шаардлага өгсөн.

-Ямар шаардлага?

-Албан шаардлага нь “Цогтцэций сумын Засаг дарга ажил дээрээ байгаагүй. Засаг даргад хариуцлага тооцох ёстой” гэсэн байсан. Цогтцэций сумын Засаг дарга тухайн үед Улаанбаатар хотод сумаас зохион байгуулж байгаа албан ажлаар явж байсан. Маргааш өглөө нь сумандаа ирсэн.

Мөн аймгийн Онцгой байдлын газрын дарга Л.Баярсайхан хурандаа Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулсан арга хэмжээгээр гадаадад томилолттой явсан. Орлогч нь Онцгой комиссын хуралд оролцоод, ажлаа зохион байгуулаад явж байсан. Бусад хүмүүсийн хувьд бол бүгд ажил үүргээ гүйцэтгэсэн.  Гэтэл АН-ынхан “Цогтцэций сумын Засаг дарга О.Бадарчид хариуцлага тооцно уу” гэсэн байсан. Мөн надад хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайдад тавина гэж хэлж байна лээ. Цаг агаарын онц аюултай үзэгдэл болж байхад өөрсдөө байгаагүй мөртлөө хүний амь эрсэдсэний дараа гэнэт гарч ирээд, байгалийн гамшиг, уй гашууг хүртэл улстөржүүлж, өрөөнд дайрч орж ирээд бичлэг хийн, түрэмгийлэх нь буруу. Тэгээд түүнийгээ олон нийтийн сүлжээнд тавьж, буруу ойлголт, мэдээлэл түгээх нь зохисгүй юм. Над руу тэр залуус шууд л дайрч давшилсан. Хэл амаар доромжилсон. Их л увайгүй загнаж байна лээ дээ. Энэ үйлдлийг нь маш их гайхсан.

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: