“Оюу Толгой”-н хөрөнгө оруулагчдын хурал ширүүн боллоо

2019 оны 05 сарын 13

Монгол Улсын уул уурхайн хамгийн том төсөл гэгдэх “Оюу Толгой” төслийн хөрөнгө оруулагчид өнгөрсөн амралтын өдөр Канадад хуралдав. Дотооддоо популистуудын шүлсэнд дарагдсан ч Монголын эдийн засагт жин дарахуйц нөлөө үзүүлж буй энэ төслийн менежментийг шинэчилж, гол хөрөнгө оруулагч гэгдэх “Туркойз Хилл Ресурс” компанийн хараат бус дөрвөн захирлыг шинээр томилох ёстой гэж үзжээ. Улстөрчдийн хөөстэй мэдээлэл, голлох хөрөнгө оруулагчдад ч нөлөөлж байгааг дээрх үйл явдал харуулна.

Канадад болсон хөрөнгө оруулагчдын хурал үндсэн гурван асуудал дээр төвлөрсөн юм.  Нэн түрүүнд далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг хурдасгах, Монгол Улсын Засгийн газартай ойлголтын зөрүүгээ нэгтгэх, Монголын улс төрийн нөхцөл байдалтай уялдуулан төслийн менежментийг шинэчлэх зэрэг нь одоо төслийн өмнө тулгарч буй томоохон саад юм. Улмаар хөрөнгө оруулагчдын төлөөлөл болох “SailingStone” компани төслийн менежментийг нэн даруй шинэчлэн, “Туркойз Хилл Ресурс” компанийн хараат бус дөрвөн захирлын суудалд дахин сонгон шалгаруулалт зарлах ёстой гэж үзсэн юм.

Хэдийгээр менежментийн шинэчлэлтийг хөрөнгө оруулагчид янз бүрийн байр сууриар хүлээн авсан ч одоогийн нөхцөл байдалтай уялдуулан менежментийг бүхэлд нь биш хэсэгчлэн шинэчлэх ёстой гэдэг дээр байр сууриа нэгтгэж чаджээ.

 

Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасны дагуу далд уурхайн бүтээн байгуулалт ирэх 2021 оны есдүгээр сард дуусах ёстой. "Рио Тинто" компани энэ жил далд уурхайн бүтээн байгуулалтад зориулж 3.1 сая ам.доллар Монголд оруулж ирэх хүлээлттэй байна. Хэрэв далд уурхай ашиглалтад орвол “Оюутолгой” дэлхийд гуравт орох зэсийн уурхай болох юм. Хөрөнгө оруулагчдын хурлаар далд уурхайн бүтээн байгуулалтын ажилд уламжлалт арга барил ашиглахаас аль болох татгалзан, байгальд ээлтэй ногоон технологи ашиглах ёстой гэж үзсэн байна. Энэ нь нэг талаасаа төслийн менежментийг шинэчлэх түлхэц болсон юм.

“Туркойз Хилл Ресурс” компанийн хараат бус дөрвөн захирлыг дахин сонгох ёстой гэж үзсэн SailingStone Capital Partners компани хөрөнгө оруулагчдад баталгаатай мэдээлэл өгөхгүй байгаа гэж үзэж буй. Эдийн засгийн үр ашгийн тооцоололд хөрөнгө оруулагчид анализ хийж болдоггүй гэж үзсэн тул дээрх шийдвэрт хүрэх нь зайлшгүй гэж мэдэгджээ. “Хэдийгээр Рио Тинто компани тус төслийн 50.8 хувийг эзэмшдэг гэдэг ч одоогоор чухам яг хэдэн хувь эзэмшдэг нь тодорхойгүй байгаа. Зарим төрлийн мэдээлэл хаалттай байдаг нь компанийн засаглалын хэд хэдэн дүрмийг ноцтой зөрчиж буй хэрэг юм” гэж SailingStone компани гаргасан мэдэгдэлдээ дурджээ.

“Оюутолгой”-н хувьцаа эзэмшигчид Канадад хуралдахаас өмнө “Туркойз Хилл Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Ульф Куэльманн Монголд ажиллахаар ирсэн. “Оюутолгой” төсөлд хийсэн хяналт шалгалтын талаар “Рио Тинто”, “Оюутолгой”, “Туркойз Хилл Ресурс” компанийн ажлын хэсэгт ажиллах, шалгалтын дүгнэлттэй албан ёсоор танилцах зорилгоор ажилласан гэж компанийн зүгээс мэдэгдэж байв. Сүүлийн хэд хоног эрх баригчдын зүгээс “Оюутолгой” төслийг дахин шинэчлэх ёстой, гэрээнд заагдсан үүргээ биелүүлээгүй зэрэг шүүмжлэл шидсэн учраас ийнхүү бодит нөхцөл байдалтай танилцахаар гол хөрөнгө оруулагчийн удирдлагын багийн гишүүн ирсэн юм.

Одоогоос яг хоёр долоо хоногийн өмнө Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто” компанийн төлөөлөлтэй уулзахдаа ч гэрээнд өөрчлөлт оруулах, зарим зүйл заалтыг хасах, шинээр нэмэх боломжийн талаар хэлэлцсэн. Улмаар “Рио Тинто” компани хөрөнгө оруулагчийн хувиар гэрээнд ямар нэгэн өөрчлөлт оруулах боломжгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Манай Засгийн газар дээрх уулзалтын үеэр тактикийн алдаа гарган, “Боломжгүй” гэх хариу сонссоны дараа шалгалтын материалаа танилцуулсан нь манайхаас том эдийн засгуудтай харилцдаг “Рио Тинто” компанид тийм ч сонин санагдаагүй. Тиймээс ч ажлын голыг нугалж буй “Рио Тинто” компани гэрээнд өөрчлөлт оруулахгүйгээр бүтээн байгуулалтад анхаарлаа хандуулъя гэдгээ эелдгээр мэдэгдсэн юм.

 

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: