Цахим хуудсууд дахь зэрлэг амьтдын эд эрхтэн, бүтээгдэхүүнүүдийг цуглуулах, худалдахаар завдаж буй нь хууль бус

Цахим хуудсууд дахь зэрлэг амьтны эд эрхтэн, бүтээгдэхүүний хууль бус худалдааны талаарх товч мэдээлэл
Оюу Толгой ХХК-ийн Биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй Өмнөд говийн бүс нутагт ховор амьтан, ургамлыг хулгайгаар агнах болон түүнтэй тэмцэх Хулгайн антай тэмцэх төслийн хүрээнд Даланзадгад хотод хулгайн антай тэмцэх Хамтарсан баг 2014 оноос эхлэн ажиллаж байгаа билээ.
Энэхүү төслийн хүрээнд Даланзадгад хотын иргэдийн зүгээс байгуулсан цахим хуудсуудад зэрлэг амьтны эд эрхтэн, бүтээгдэхүүний хууль бус худалдаанд тандалт судалгааг хийж үзлээ. Даланзадгад хотын хэмжээнд 7 цахим хуудсанд мониторинг хийхэд:
1) саарал чононы эд эрхтэн, үнэгний арьс
2) алтайн хойлог, тас болон уран шувууны үүр, өд, мах
3) хулан адууны уушиг
4) зүүн гарын гоёо зэрэг амьтан, ургамлуудтай холбоотой зарууд түгээмэл байна.
Эдгээр худалдаанд өртөж байгаа амьтдын эд эрхтэн, бүтээгдэхүүнийг манай Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс гадна өөр аймгуудаас худалдахаар авчирч байна. Тухайлбал баавгайн савар, монгол тарвагны сүүл, тос, яс, шагай зэрэг байна.
Дотоодын худалдаанд өртөж байгаа эдгээр амьтан, ургамлуудыг хэрэглээгээр нь авч үзвэл уламжлалт эмчилгээ, сүсэг бишрэлийн зориулалтаар хөлдөөсөн, хатаасан, нойтон хэлбэрээр худалдах, худалдан авах, бараа бүтээгдэхүүнээр солилцох зэрэг нь иргэдийн дунд түгээмэл байжээ.
Гэвч цахим хуудсууд дахь зэрлэг амьтдын эд эрхтэн, бүтээгдэхүүнүүдийг цуглуулах, худалдахаар завдаж байгаа нь хууль бус юм. Амьтны тухай хуулийн 37.3 –д зааснаар тухайн амьтныг агнасантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулах заалт бий. Иймд иргэдийг энэ төрлийн гэмт хэргийн сүлжээнд оролцохгүй байхыг онцгой анхааруулж байна. Мөн зэрлэг амьтдын хулгайн ан, тэдгээрийн гаралтай эд эрхтэний хууль бус худалдааны талаар үнэн бодит, шуурхай мэдээллийг 98900016 утсанд авахаа Өмнөговь аймгийн зэрлэг амьтдын хулгайн ан, түүний эд эрхтэн, бүтээгдэхүүний хууль бус худалдаатай тэмцэх ажлын хэсгээс мэдээллээ.
Сэтгэгдэлүүд: